Friday, March 2, 2012

Хариуцлагатай аялал жуулчлал- Монголд


Мэдээллийн эрин зуун хөгжсөн  глобалчлагдсан XXI-р зуунд аялал жуулчлал нь өндөр байр суурь эзэлдэг ба тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн гол чиг хандлагыг тодорхойлогч салбар гэж хэлж болно. Аялал жуулчлал ийнхүү хурдацтай хөгжсөний гол шалтгаан нь хүмүүсийн амьдралын түвшин сайжирч санаа зовох зүйлгүй болж байгаа нь тэдний сонирхол өөр зүйлд шилжиж байгаатай холбож үзэж болох юм.
 Аялал жуулчлал хөгжсөнөөр тухайн улсын эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, дэд бүтэц, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг ихээр бий болгох хүмүүсийг амралт чөлөөт цагаа зугаатай өнгөрөөж, өөрийн болон бусад орны түүх соёл, ёс заншил, шашин шүтлэг, ан амьтан, ургамал, байгалийн сайхныг үзэж сонирхох гэх мэт маш олон эерэг давуу тал бий. Гэвч аливаа юм эерэг болон сөрөг талтай байдаг. Тухайн орныг  жуулчид маш их сонирхож ирлээ гээд ирсэн бүх жуулчдыг хүлээж авна гэсэн үг биш юм. Учир нь үзмэрүүд нь дахин сэргэгдэх ба сэргэгдэхгүй гэж ангилагдана. Сэргээгдэх нөөц нь маш удаан хугацааны дараа сэргээгддэг. Жишээ нь: Хүн, мал их явсан хөрс нь дор хаяж арван жилийн дараа сэргээгддэг  гэдэг.
Жуулчид болон хүн ихээр   сууршисан газрын байгаль орчин бохирдох, ан амьтан үргэж мөн  устаж  үгүй болох, тухайн газар нутгийн даац хэтрэх, хөрсний элэгдэл, агаарын бохирдол  зэрэг экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна . Аялал жуулчлалын салбартай холбож авч үзвэл: Өмнөговь аймгийн Гурван сайхан  ууланд байрлах Ёлын ам нь өвөл ч зун ч байнгын мөстэй байдаг байсан бол одоо жуулчид ихээр очсоноор мөс  нь жилээс жилд  хайлж үзэсгэлэнт  байдлаа алдаж байгаа нь нутгийн даац хэтэрсэний нэг илрэл юм.
Иймд бид аялал жуулчлалаа тогтвортойгоор хөгжүүлж байгаль орчноо байгалийн хүчин зүйлээс хамгаалж  чаддаггүй юмаа гэхэд  хүний гараар хийдэг буруутай үйл ажиллагаагаа таслан зогсоож манай орныг зорин ирэх жуулчдын тоог бууруулах бус нэмэгдүүлэх нь хариуцлагатай аялал жуулчлал гэж бодож байна. Манай оронд хариуцлагатай аялал жуулчлалыг  олон талаар хэрэгжүүлж эхэлж байгаа. Үүний нэг илрэл нь “Эко аялал “ буюу байгальд ээлтэй аялал жуулчлал юм.
Дэлхийн байгаль хамгаалах холбооноос Эко аялалыг  харьцангуй онгон байгальд байгалийн сайхан, нутгийн хүн ардын ахуйн соёлтой танилцаж, тэдний соёл, зан заншил, түүхийг танин мэдэх зорилгоор тэдний нийгэм, эдийн засгийн байдал, байгаль хамгаалах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах гэсэн байдаг. Манай орны хувьд аялал жуулчлал нь ихэвчлэн байгаль дээр түшиглэж явагддаг.
Бид Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд:
1.    Нутгийн иргэдэд тухайн газар нутгийг хайрлаж , хамгаалах үүргийг хүлээлгэж, эргээд хариуцлага хүлээлгэх эзэнтэй болгох;
2.    Жуулчид болон ард иргэдийг байгаль орчинтойгоо ухамсартайгаар зөв харьцаж сургах, олон нийтийн ажлуудыг  зохион байгуулах;
3.    ТХГН болон бусад зүйлсээс авсан хураамжаараа хуримтлал  үүсгэн түүгээрээ байгаль хамгаалах ажилд зарцуулах;
4.    Байгаль хамгаалахаар сайн дураар  нэгдсэн нутгийн иргэд, нөхөрлөлийг төр засгаас дэмжин тодорхой хэмжээний цалин, хөлс олгох гэх мэт ажлуудыг  хийснээр хариуцлагатай аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь Монгол орны хөрсөн дээр бодитоор буулгана гэж бодож байна.
Монгол оронд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа     явуулдаг тур оператор компаниудын үндсэн аялалын чиглэл нь УБ-Архангай-Өвөрхангай-Хөвсгөл, УБ-Говь  гэсэн Монголдоо алдартай байгалийн үзэсгэлэнт цөөхөн газруудаар аялах үндсэн хэдхэн маршрутаар   явагдаж байгаа нь дээрх  бичсэн зүйлсийн гол шалтгаан болж байна гэж хэлж  болно.
Жуулчдын очиж байгаагүй мэдэхгүй хүний сонирхол татахуйц  зүйлсийг нийтэд сурталчилж түүнийхээ дагуу аялал зохиовол нэг тийшээ хошуурах жуулчдын хөл татран олон тийш болно.Ингэснээр экологийн тэнцвэрт байдал алдагдахгүй, түүнийг дагасан хор уршиг бага байна. Олон  маршрутаар жуулчдыг явуулсанаар бүх талын эерэг нөлөөлөл бий болно.
Дэлхийн улс орнууд анх аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ амралт цэнгээний, далайн эргийн аялал зохиодог байсан бол одоо үед тогтвортой, хариуцлагатай аялал  жуулчлалыг  баримталж ажиллаж байна. Техник технилоги өндөр хөгжсөн орнуудын хувьд энэ нь бэрхшээлтэй байж болох талтай. Тогтвортой аялал жуулчлал гэдэг нь өнөөдрийн үзүүлсэн үзмэр зүйлсийг хэдэн жилийн дараа яг тэр чигээр нь байгаагаар нь хүмүүст хүргэхийг хэлдэг.
Харин манай орон нь байгалийн онгон төрх, цэлмэг хөх тэнгэр, ан амьтан ургамал, нүүдэлчдийн ёс заншил, амьдралын зан үйл, түүхээрээ жуулчдыг татдаг бол одоо үзмэрүүдийн чанар жилээс жилд алдагдаж байгаль маань онгон байдлаа алдаж, нүүдэлчин монголчууд маань суурин амьдралруу хошуурч байна.
Хойч үедээ дараагийн ирэх жуулчиддаа бид юу үзүүлэх вэ?  гэсэн асуулт бидний өмнө зайлшгүй гарч ирнэ. Тэр үед л бидний толгойд хариуцлагатай, тогтвортой гэдэг үг ямар их үнэ цэнэтэйг санагдах вий гэж санаа зовох боллоо. Ийм учраас хариуцлагатай аялал жуулчлалыг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай. Аялал жуулчлалын салбарт ажиллаж буй боловсон хүчингүүд ч бас зөвхөн ашгийн төлөө бус бид энэ сайхан монгол орны өнгө төрхийг гадаадад таниулж байгаа гэдгээ ямагт санаж байгальдаа ээлтэй, хариуцлагатай харилцан уялдаатай байх хэрэгтэй гэж бодож байна. Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд уул уурхайн салбартай хамтран  харилцан уялдаатай ажиллаж байж бодит үр дүнд хүрнэ.
Хариуцлагатай аялал жуулчлал монгол оронд 100% хөгжих боломжтой ба цаашид “Монгол орны имиж” болгож болно гэж үзэж байна. Ирээдүйн аялал жуулчлалын мэргэжлээр сурч буй оюутан бидний хувьд ч мэргэжил маань хэзээд эрэлттэй байж ирээдүйн ажил амьдралын баталгаа бий болно гэсэн үг юм.

Wednesday, February 29, 2012

ЖУУЛЧИД МОНГОЛООС УЙДСАН УУ

ЖУУЛЧИД МОНГОЛООС УЙДСАН УУ

Аялал жуулчлалын улирал эхэллээ. Жилийн ихэнхийг ичээндээ сууж өнгөрүүлдэг манай орны аялал жуулчлалын салбарын хувьд зуны гурван сараа ашиг орлоготой өнгөрөөхөөр зэхэж байгаа нь лавтай. Үзэсгэлэнт сайхан байгаль, нүүдэлчин малчин, дархан цаазат ан амьтан гээд манай оронд гадаадын жуулчдыг татах зүйл бишгүй бий. Тэдэнд Монгол орноо үзүүлж, сонирхуулаад сайхан амраагаад буцаах нь бидний үүрэг ч нөгөө талаар аялал жуулчлал гэдэг дэлхийн хэдэн том бизнесийн нэг тул аль болох ашигтай ажиллаж, тухайн жуулчинд Монголд дахин ирэх хүсэл төрүүлээд буцаах нь бас нэгэн зорилго.

ЖУУЛЧИН, ЖУУЛЧЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хүн яагаад аялж жуулчилдаг вэ? Олон улсын нэвтэрхий толь бичгүүдэд жуулчлал гэдэг нь байнгын оршин сууж байгаа газраасаа өөр улс болон нутаг оронд 24 цагаас 12 сар хүртэлх хугацаагаар спорт, танин мэдэхүй, шашин шүтлэг, зугаа цэнгэлийн зорилгоор явахыг хэлнэ гэж тодорхойлсон байх аж. Тэгэхээр дээрх зорилгоор явж байгаа хүнийг жуулчин хэмээн нэрлэх нь. Нэг талаас аваад үзвэл жуулчлал гэдэг нь зугаа цэнгэлийн нэг хэсэг, нөгөө талаас жуулчлалын бүтээгдэх үүний үйлдвэрлэл. Үйлдвэрлэл гэдэг нь эдийн засгийн үйл явцын хувьд зорилго нь орлого олох явдал байх нь ойлгомжтой. Жуулчлал яг хэзээ үүссэнийг тогтоох арга байхгүй ч маш эрт үеэс хүмүүс шинэ газар орон үзэх, нээх зорилготой, худалдаа, цэрэг дайн, шашин шүтлэгийн ажлаар алс хол аялдаг байж.
Таньж мэдэхгүй газар, үзээгүй хараагүй зүйл олон тул тэдэнд нутгийн ард түмнээс идэх хоолноос эхлээд унтах байр сууцны тусламж хүсэхээс өөр арга байсангүй. Орчин үеийн жуулч лалын үйлдвэрлэлийн анхны шавыг Италийн “Таверна” хэмээн нэрлэгддэг нийтийн хоолны газар тавьсан гэдэг. Эртний Грект олимпийн наадам үүсэхэд хүмүүс тэмцээн үзэхээр аялан жуулчилж байж. Араб, Африк, Монголд тэмээн жингээр худалдаа хийдэг байсан нь бас л нэг жуулчлал. Тэднийг хоол цай, буудлаар хангадаг хүмүүс нь элсэн цөлд хүлээгээд л суудаг, ерөнхийдөө бол жуулчны бизнесээр л амьжиргаагаа залгуулдаг иргэд байсан аж. Дундад зуунд шашны ариун газар очихоор хэдэн мянган хүн аялалд гардаг байсан бол Европын Сэргэн мандалтын үеэс газар орон үзэхээр хувиараа аялалд гардаг үе эхэлсэн байна. XIX зууны хоёрдугаар хагасаас Европт анхны жуулчлалын төвүүд байгуулагдан, маршрут, хөтөч гарган үйлчилж эхэлжээ. Энэ үеэс жуулчлал гэдэг том бизнес болохыг ойлгож, энд тэндгүй дээд зэрэглэлийн зочид буудал баригдаж эхэлжээ.
Мэдээж хэрэг усан онгоц, галт тэрэг гээд техникийн дэвшил гарснаар соёлтой улс орнуудад олон нийтийн жуулчлал хөгжс өн. Дэлхийн II дайнаар хэсэг намжсан жуулчлал 1950-1960 оноос да хин сэргэж, соёлт хү- ний амьдралын хэв маяг болсон гэхэд болно. ЗХУ тэргүүтэй со циа лист орнуудад хүүхдийн, үйлд вэрчний эвлэлийн амрал тын газар, зуслан олноор баригдсан бол Европ орон Америкаас ирсэн жуулчдаар бялхаж байлаа. Одоо дэлхийн нийт капиталын долоон хувийг аялал жуулчлал эзэлж, энэ салбарт 137 сая хүн ажиллаж байна. Зүүн Ази, Номхон далайн орнуудад очсон нэг жуулчин дунджаар 764 доллар зардаг (дэлхийн дундаж 659 доллар байдаг гэнэ) бол Монгол, Хятадад 200 ор чим доллар зар цуулаад л буц даг гэнэ. Энэ нь ирсэн хүн ава хаар бэлэг дурсгалын зүйлс ховор, ноолуураас өөр брэнд байхгүйгээс болж байгаа нь гарцаагүй. Манай орноос хэцүү байдалтай газар бол ОХУ-ын Буриад бөгөөд тэд энэ жилээс манайд ирсэн жуулчдыг татах зорилгоор бодлогоор ажиллаж эхэлсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн тусламжтайгаар “Хүннү хүрээлэн”, “Эзэн Чингисийн онгон” гээд л тэд шинэ зүйлс багагүй хийж байна. Нэг мэдэхэд хэдэн жуулчнаа Буриад, Өвөрмонголд алдаад сууж байж ч мэдэх цаг иржээ. Жуулчлалын бизнес нь санхүү, боловсон хүчин, технологи, үзвэр гэсэн дөрвөн зүйл дээр тогтдог. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүн боловсон хүчин, технологи худалдаж аваад л жуулчлал хийж чадахгүй гэсэн үг. Юуны түрүүнд жуулчдад үзүүлж, худалдах зүйл хэрэгтэй бөгөөд тэр нь байхгүй бол хийж бүтээх шаардлагатай. Хийж бүтээнэ гэхээр зардал нь нэмэгдэх нь тодорхой. Үзвэрийг байгалийн болон нийгмийн гэж ангилна. Байгалийн үзвэрт үзэсгэлэнт уул нуруу, гол мөрөн зэргээс гадна эрүүлийг хамгаалах, танин мэдэхүйн зорилгоор хэрэглэгддэг рашаан ус, загас агнуур, наран шарлага, ховор ан амьтад ч ордог байна. Нийгмийн үзвэрт түүх соёлын дурсгалт зүйлс болон үзэгдэл, эдийн засгийн хүчин зүйлс багтана.

МОНГОЛООС ЖУУЛЧИД УЙДЖЭЭ
Манай оронд байгаль, нийгмийн үзвэр аль аль нь хангалттай байгаа ч сүүлийн үед жуулчлал зогсонги байдалд ороод байгаа нь нууц биш. Аялал жуулчлал эрхэлж байгаа компаниуд шинэ санаа, маршрут гаргахгүй бол жуулчид уйдаад, дахиж ирэхээс халширч эхэлсэн нь ажиглагдах болжээ. Нэг ирсэн хүн дахин явъя, өөр шинэ сонин юм үзье гэж бодоод ирнэ. Нөгөө л Элсэн тасархай, Ёлын ам, Эрдэнэзуудаа дахин очихоор яаж ирэх вэ дээ. 75 настай нэгэн япон өвгөн хэдэн цаг машинаар давхиж байж, Эрдэнэзуу хийд үзэж, гарч ирээд “Энэ музейг үзэх гэж би ингэж зовсон юм уу” гээд л асгартал уйлж байсан гэнэ лээ. Ёлын ам гэхэд л машинаар давхиж, давхиж очно.
Цаашаа жинхэнэ явган аялал болно доо. Жуулчид ингэж удаан явж байгаа юм чинь ёстой л үр ачдаа ярьж өвлүүлэн, бараг ном бичихээр гайхамшиг байгаа байх гэсээр очтол юу байдаг гэж бодно. Хөтчүүд яахав номонд бичсэнээр нь энэ ууланд аргаль, угалз харж болно, цаана нь мөнх цас бий гээд л яриад байна. Эрдэмтэн шинжээчдэд нь харагддаггүй ховор амьтад хэдэн жуулчдад үзэгдэнэ ч гэж юу байх вэ, дэлхий даяар дулаараад байхад Ёлын аманд үлддэг цас ч гэж хаа байх вэ. Ингээд л буцаад алхана даа. Унаандаа сууна, жуулчны бааздаа харина. Хамаг бие нь буларсан гадаадынхан хараал тавин шар айраг уугаад, шөнө нь харин аз таарч цэлмэг байвал хэдэн од харчихаад Улаанбаатарын зүг гэлдэрнэ. Монголд долоо хоногийн хугацаатай группээр ирсэн жуулчдын хөтөлбөрийг тоймлон үзүүл бээс Улаанбаатарт буугаад буудалд хононо.
Өвөрхангайд хоёр хоног, Өмнөговьд хоёр хоног, Улаанбаатарт Ардын дуу бүж гийн концерт үзнэ. Их дэлг үүрт ноолуур худалдаж аваад ядарснаа гайхаад харьцгаана. Ингэж байж яаж хүний сэтгэлийг татах билээ. Ядаж байхад морь унуулах гээд орсон малчин айл нь урьдаас бэлтгэсэн хүмүүс байх ба торгон дээлтэй эхнэр, нөхөр хоёр үхэр саагаад сууж байх нь жинхэнэ гэр бүл биш байх гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Ядаж байхад олигтой ч үйлчилдэггүй мөртлөө МИАТ маань “монополь”- доод зун болохоор үнээ нэмээд гэдийгээд суучихдаг зуршилтай. Аялал жуулчлалын энэ олон компаниас илүү Их аварга Асашёорюү маань хааяа факталчихаараа эх орныхоо эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг гавьяатай. Түүнийг дагаад арлын орноос хэдэн арван сэтгүүлч, зурагчин хүрээд ирнэ. Тэдний зочид буудал, такси, хоол унд гээд тооцоод үзвэл хэр баргийн жуулчны компаниас илүү гарна гэхээс дутахгүй.

ХӨТӨЧ ГЭЖ ХЭН БЭ?
Мэдээж хэрэг хамаг буруу маршрутдаа байгаа юм биш. Эх орныхоо түүх соёл, байгалийн баялгийг тайлбарлаад явахын зэрэгцээ элдэв дутагдлыг нь аргалаад өнгөрөөж чадах ёстой хүн бол хөтөч. Манайд хөтчийг үндэсний болон тусгай аяллын хөтөч гэж ангилж, зэрэг гардуулдаг гэнэ. Нэг үеэ бодвол их, дээд сургуульд бэлтгэгдсэн мэргэшсэн хөтөч нар ихэсч байгаа ч чанарын төвшин хангахгүй л байна. Хүссэн болгон хөтөч болохгүй, хэлтэй бүхэн хөтөч хийж чадахгүй. Хөтөч гэдэг хэл ус, нийгэм соёл, түүхийн өндөр мэдлэгтэй байхын зэрэгцээ хүн чанар, хариуцлагатай байх ёстой. Авч яваа хэдэн хүнээ өвчин зовлон тусахад нь туслах, хөдөө хээр гал, усыг нь бэлтгэх гээд л хүн чанарын асуудал зөндөө гарна. Хөтөч сайн байвал үзэж харах юмаар маруухан манай оронд тэд дахиад ирэх сэтгэгдэл төрж ч болно.
Хөтөч хүний ёс суртахууны асуудал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг газруудад онцгой анхаарах асуудал юм. Хөтчийн дунд мөнгө харж ялгавартай үйлчилдэг, цайны мөнгө нэхдэг хүн ч олон бий. Музей, үзэсгэлэнгээ олигтой тайлбарлаж өгөөгүй байж, энэ муу хөгшин юу ч өгсөнгүй хэмээн гомдол тавих. Таньж мэддэг дэлгүүрээсээ хувь хүртэхийн тулд хүчээр шахуу чирээд л аваад очдог олон хөтөч байдаг. Дэлгүүрт орох энэ агшинд жуулчны жолооч хэмээх хүний араншин тодрох бөгөөд бас хувь авах гэж байгаа нь тэр. Жуулчид бэлэг дурсгалын зүйлс худалдаж аваад явж байхад жолооч кассны хажууд зогсоод өөрийн жуулчдын авсан юмыг бүртгэн, худалдагчтай маргаж байх нь жуулчдад ямархуу сэтгэгдэл төрүүлдэг юм бол доо. Тэр байтугай хөдөө явж байсан жуулчны автобусны жолооч хө төч дөө ч хэлэхгүй овооны ха жууд зогсоод, алга болчихсон гэнэ. Гайхаж айсан жуулчид санд ралдан, машин тэрэг эвдрэв үү, яав гэлцэж байтал мань жолооч овооны араас үндэсний бөхийн зодог шуудагтай гараад ирсэн юм байх. Баахан дэвж, шавж, “бүжиглэж” үзүүлсэн жолооч хүн бүрээс 10 доллар аваад цааш хөдөлсөн гэнэ лээ. Мэдрэл муутай хүн гэж айсан улсууд хүссэн мөнгийг нь өгчихөөд харин нутаг харин харьтлаа ямар ч монгол хүнтэй ярилгүй байсаар буцсан гэдэг.
Өмнөговьд орон нутаг судлах музей байх агаад тайлбарлагч нь гадаадын нэжгээд хэлээр тайлбарладаг сүрхий боловсролтой хүн байх ажгуу. Хэдэн амьтны чихмэл, динозаврын яснаас өөр юмгүй энэ музейд төлбөрийг нь төлөөд ороход л шатахаар. Гэтэл дээр нь тайлбарлагч цайны мөнгө нэхэн хөтчийг улалзуулна. Ингэж үйлчилж байж, яаж гадаадын жуулчдыг дуудаж, ирүүлж байх болж байна даа. Цэлмэг хөх тэнгэр, нүүдэлчин малчин айл, онгон байгаль байхад энэ муу жуулчид ирэхгүй яах вэ гэж бодоод сууж байтал зун дууслаа. Цэлмэг хөх тэнгэр маань утаанд будагдаад дууслаа. Онгон сайхан байгаль маань алт нүүрсний уурхай, нинжа нарын ухсан нүхээр дүүрч, хэр баргийн найруулагч дэлхийн сүйрлийн талаар зөгнөлт кино хийхэд ч болохоор боллоо. Нүүдэлчин малчид маань модоо бариад, хүрз үүрээд газар ухахаар одлоо гэж.

Аялал жуулчлалаас ашиг олох уу?

Аялал жуулчлалаас ашиг олох уу?
2010 оны 7 сарын 7
Манай улсад ирэх жуулчдын тоо жил ирэх бүр өссөөр буй. Гэвч энэ салбараас хүртэх ашиг төдийлөн өсөхгүй байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд гадаадаас 411 мянга 640 жуулчин ирсэн гэсэн албан ёсны баримт байна. Үүнээс 200 сая гаруй ам.долларын орлого олсон гэж байгаа. Харин энэ онд жуулчдын тоо 500 мянгад хүрэх буюу үүнээс ч илүү байх боломжтой гэсэн тооцоог холбогдох байгууллагаас хийжээ. Гэхдээ орлого өсөх эсэх нь тодорхойгүй гэнэ. Яагаад гэвэл энэ төрлийн орлогыг жуулчдын Монголд ир­сэн зорилго, аяллын дундаж хугацаа, зарцуулсан зардал гэх мэт олон хүчин зүйлийг тооцож, харьцуулсан судалгаан дээр үндэслэж гаргадаг учраас хэдий хэм­жээ­ний ашиг хүртэхийг одоо хэлэхэд эрт байна гэж салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Тэгвэл аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд улсаас юу хийдэг вэ. Улсын төсвөөс аялал жуулчлалын салбарт жилд дунджаар 150-200 сая төгрөгийн санхүүжилт өгдөг юм байна. Энэ нь Монгол орныг гадаадад сурталчлах төрөл бүрийн арга хэмжээнд зарцуулагддаг гэх. Тухайлбал, олон улсын томоохон аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцох, гадаад сурталчилгааны мате­риал болох танилцуулга, DVD, зурагт хуудас хэвлүүлэх гэх мэт зүйлийн зардал болдог байна. Түүнчлэн салбарын мэр­гэжлийн боловсон хүчнийг сургах, дотооддоо үзэсгэ­лэн яармаг, хурал, зөвлөгөөн зохион байгуулах зэрэгт энэ мөнгийг зарцуулдаг байна. Ер нь улсын төсвөөс аялал жуулчлалын салбарт олгож буй санхүүжилтийг маш бага гэж үздэг юм билээ. Уг нь жуулчдыг татах ажлыг гардан зохион байгуулдаг Бай­галь орчин, аялал жуулч­лалын яамны Аялал жуулч­лалын газар болон Аялал жуулчлалын үндэсний төвийн­хөн энэ чиглэлээр багагүй ажил зохион байгуулжээ. Тод­руулбал, Аялал жуулчлалын газраас өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөр боловс­руулсан байна. Энэ ажлын хүрээнд Түүх, соёлын үнэт дурсгалууд бүхий Хархорин-Орхон голын бүс, Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн бүхий Хөвсгөлийн бүс, Олон ястны өлгий нутаг, өндөр уулын бүсийн экосистем бү­хий Монгол-Алтайн бүс, Эх газрын өвөрмөц онгон байгаль, палеонтологийн олдвор, ховор ан амьтан бүхий Говийн бүс, Чингис хаа­ны түүхтэй холбоотой дурсгалт газрууд бүхий Хэн­тийн бүс, Улаанбаатар хот орчмын бүс гэсэн зургаан бүсийг тодорхойлжээ. Энэ аж­лыг илүү боловсронгуй болгох үүднээс хөтөлбөр боловс­руулж, Засгийн газарт өргөн бариад байгаа аж. Эхний ээлжинд дээрх бүсүүдээс Мон­голын цаашлаад дэлхийн түүх соёлын өлгий нутаг болсон Хархорин-Орхоны хөндийн бүсийг хөгжүүлэх зорилт тавьж, “Хархорин 13-р зуун” хэмээх аялал жуулчлалын цогцолбор төв барьж байгуулах төслийг хэрэг­жүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Уг төслийн шилдэг санаа шалгаруулах уралдаан зарлаж дүгнэсэн бөгөөд одоогийн байдлаар төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловс­руулуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Эдгээрээс гадна жуулчдын тоог нэмэгдүүлэх, энэ салбарыг хөгжүүлэх зо­рилгоор ямар ажил хийж байгаа талаар Аялал жуулчлалын үндэсний тө­вийн дэд захирал Н.Молороос тодрууллаа.

Н.Молор: МИАТ-ИЙН ТИЙЗ ДЭНДҮҮ ӨНДӨР ҮНЭТЭЙ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД СААД БОЛДОГ

-Танай байгууллага жуулчдын тоог өсгөх та­лаар ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Жуулчдын тоог өсгөхөд хамгийн түрүүн гадаад суртал­чилгаа маш чухал. Манай төвөөс өнгөрсөн гуравдугаар сард Германы Берлин хотноо болсон ITB, дөрөвдүгээр сард Унгар улсад болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттай оролцуулсан. Мөн төрөл бүрийн сурталчилгааны ма­те­риалуудыг англи болон бусад гадаад хэлээр гарган гадаад орнуудад сурталчилж байна. Түүнчлэн гадаадын жуулчдад үйлчилдэг 600 гаруй жолооч нарт зориулсан сургалтыг Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт зохион байгуулсан. Жуулчны хөтчийг зэрэглэл тогтоох шалгалтад хамрууллаа.
-Ер нь манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага ямар байгаа вэ?
-Дэлхийн аялал жуулч­лалын хөгжлийн чиг ханд­лага групп аяллаас ганцаар­чилсан аялал руу шилжиж байна. Манайд ч мөн адил. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын дундаж наслалт өндөр болсонтой холбоотой настай хүмүүсийн аялал ихсэх хандлагатай байна. Манай оронд ирж буй жуулчдын дундаж насыг үзэх юм бол 20-50 хүртэлх насныхан 60 гаруй хувийг эзэлж байна. Цаашдаа Мон­гол оронд эко аялал жуулчлалыг хөгжүүлбэл орон нутгийн иргэдээ дэмжин, байгаль орчноо хамгаалан, түүх, соёлоо хадгалах за­маар орлого олох бүрэн боломжтой.
-Тэгвэл ямар бэрхшээл тулгарч байна. Ялангуяа эрх зүйн хувьд анхаарах зүйл байгаа юу?
-Эрх зүйн хувьд аялал жуулчлалын үйл ажил­лагаа эрхлэгчид тусгай зөв­шөөрөлтэй байх зайлшгүй шаардлагатай. Тусгай зөвшөө­рөлгүй учраас мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт ажиллан аялал жуулчлалын салбарын нэр хүндийг цаашлаад Монгол улсын нэр хүндийг гадаадад маш их унагаж байна.Тусгай зөвшөөрөлтэй болгосноор гадаад, дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлж буй компаниудыг хариуцлагатай болгох чухал ач холбогдолтой.  Аялал жуулчлалын тур оператор гэж өөрсдийгөө нэрлэн гадаадын жуулчдыг Монголд авчран залилах тохиолдол удаа дараа гарч байгаа. Тиймээс эргээд тэр байгууллагатай холбогдох гэхээр тодорхой хаяг нь олддоггүй. Гадаадын хөрөнгө оруулалттай олон компани манай улсад ямар ч татвар төлөхгүйгээр жуулчин хүлээн авч ашиг орлого олох явдал ч газар авсаар байна. Үүнээс гадна өөр нэг тулгамдаж буй асуудал бол МИАТ компанийн  тийзний үнэ маш өндөр байдаг учраас жуулчны оргил улирлын үед тийз олдохгүй байх тохиолдол бий. Мөн дэд бүтэц хөгжиж байж аялал жуулчлал хөгждөг тул тээврийн хэрэгслэлийн үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай.

Monday, December 26, 2011

Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал


1990-ээд оноос Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээр аялал жуулчлалын салбар хувьчлагдаж, түргэн хурдацтай хөгжиж байна. Засгийн газраас 1995 онд Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах үндсэн чиглэл, 1999 онд Монгол Улсад Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, 2000 онд УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг батлан гаргасан нь салбарын эрх зүйн болон бодлогын орчинг бүрдүүлэхэд чухал алхам болсон. 1999 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрыг байгуулсан бөгөөд 2004 онд тус агентлагийг өргөжүүлэн, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны бүтцэд зохион байгуулсан.

Манай улсын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ерөнхий тогтолцоо нь Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, Ерөнхий сайдын дэргэдэх Аялал жуулчлалын бодлого зохицуулах Үндэсний зөвлөл, аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгжүүдээс бүрдэж байна.

Аялал жуулчлалын салбарын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж арав гаруй улс оронтой хамтран ажиллах Засгийн газар, яамд хоорондын хэлэлцээр байгуулснаас гадна Аялал жуулчлалын мэдээллийн төвийг Улаанбаатар хот, Япон улсын Токио, БНХАУ-ын Бээжин хотуудад байгуулаад байна. Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1991 онд гишүүнээр элсэж, бүс нутгийн болон олон улсын аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог болов.

Монгол орныг гадаадад сурталчилах, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ, БНСУ, ИБУИНВУ, ХБНГУ, Япон зэрэг улсад зохиогддог олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн яармагуудад тогтмол оролцож байна.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын туршлагыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг Монголд зочлох жил, 2004 оныг Монголыг нээх жил, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил болгон зарлаж, улс орноо гадаадад сурталчлах, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах, Монгол орны u1090 түүх, дурсгалын зүйлсийг хамгаалах чиглэлээр бодитой ажлуудыг зохион байгуулсан. Аялал жуулчлалын салбар дахь хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2002 оноос хойш аялал жуулчлал эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, манай улсын элчин сайдын яамд, консулын газар, өргөмжит төлөөлөгчгүй орноос ирж байгаа жуулчдад олон улсын хилийн боомтууд дээр J ангиллын виз, групп жуулчдад хамтын виз олгодог болсон явдал нь энэ салбар эрчимтэй хөгжих нэг таатай нөхцөл болж байна.

Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн гадаадын жуулчдад үйлчилсэн үйлчилгээг НӨАТатвараас, өвлийн болон тусгай сонирхлын аяллын хэрэгслийг импортоор оруулахад гааль, НӨАТатвараас чөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд Монголд ирж байгаа гадаадын жуулчдын тоо, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, тур операторуудын тоо тогтвортой өсч байгаа нь аялал жуулчлалын салбар хөгжих таатай орчин бүрдэж байгааг илтгэх гол үзүүлэлт юм.

Монголын аялал жуулчлалын үндсэн бүсүүд

Баруун бүсэд унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон үндэстэн ястны өвөрмөц ахуй, зан үйл, түүх, соёлын эртний дурсгалууд зэрэг дотоод, гадаадын зочид жуулчдыг татах ихээхэн нөөц боломж байна. 1996 онд ЮНЕСКО-гоос Ховд хотын дэргэдэх Ямаат-Улаан гэдэг нүцгэн улаан буурал уул, Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуй, мөн дархан цаазат Отгонтэнгэр уулыг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна. Мөн 1997 онд Увс нуурын ай савын Дархан цаазтай газрыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулан авчээ. Улаангом хотын дэргэдэх Чандмань Улаан уулын археологийн олдвор нь эртний түүх, соёлын нандин өвд зүй ёсоор тооцогддог.
Монгол орны баруун хязгаарын үзэсгэлэнт байгаль, баруун Монголын олон ястны амьдрал ахуй зэргийг сонирхуулах өргөн боломжтой. Зэгс, хулсан шагшуурга дунд завиар аялан, ховор жигүүртэн шувууд болон усны амьтдыг үзэх, загасчлах чиглэлээр Увс нуур, мөн Хар-ус нуурын өмнөд эргээр аялал жуулчлалын бааз байгуулах нөөц байна. Мөн Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Алтай Таван богд, Цамбагарав, Цэнгэл хайрхан, Мөнх хайрхан, Цагаан дэглий, Цагаан шувуут, Түргэний нуруу, Хархираа зэрэг өндөр уулсад уулын спорт, Тэс Түргэн, Хархираа, Хангилцаг зэрэг түргэн урсгалт голуудаар, мөн Ховд аймгийн Хар-ус нуурын хойд эргээр усан спорт хөгжүүлэх боломж бас байна.
Баруун бүсэд түүх-археологийн болон шашин угсаатны зүйн чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой. Хангайн бүс нь түүх, соёлын дургалт болон байгалийн үзэсгэлэнт газрууддаа түшиглэн дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш тохиромжтой нутаг юм. Хөвсгөл аймагт байгалийн шинжлэл, амралт, шашин, соёл, спортын болон өвөрмөц сонирхлын, Орхон,Булган аймагт бизнес, амралт сувилал, спортын болон морин аяллын, Архангай, Өвөрхангай аймагт түүх, соёл иргэншил, байгаль судлал, амралт сувилал, морин аяллын, Баянхонгор аймагт рашаан, сувилал, спорт аяллыг түлхүү хөгжүүлэх боломжтой. Мөн одоо бүрдээд байгаа материаллаг бааз дээрээ түшиглэн тэдгээрийг өргөтгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар бүсийн аймгуудыг хамарсан аялал жуулчлалын сүлжээ байгуулах, уг сүлжээг ОХУ-ын Байгаль нуур болон Өвөр монголын аялал жуулчлалын сүлжээнд холбох, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх нь тулгамдсан асуудал болж байна.
Төвийн бүсийн ойт хээр, тал хээр, говь хосолсон өвөрмөц экосистем, шашин, түүх, соёлын баялаг өв, тэдгээрийн аялал жуулчлалын үнэ цэнийг тодорхойлосны үндсэн дээр Сэлэнгэ, Дархан-уул, Дорноговь аймагт түүх, соёл, хот, суурин, худалдаа-бизнесийн чиглэлийн, Төв, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт амралт сувилал, спорт аялал, ардын урлаг / уртын дуу/, нүүдлийн соёл иргэншлийн чиглэлийн аялал жуулчлалын бүс нутгийг бий болгож, тэдгээрийг УБ-ын болон Хангайн бүсийн аялал жуучлалын төвүүдтэй зам, тээвэр, холбоо мэдээлэл, маршрутын нэгдсэн сүлжээгээр холбон хөгжүүлнэ. Мөн аялал жуулчлалын салбарын маркетингийн нэгдмэл бодлогыг тодорхойлж, материаллаг баазыг нь сайжруулан, Улаанбаатар хот орчим, Горхи-Тэрэлж, Өмнөговь аймаг зэрэг олон улсын хэмжээний тэргүүлэх чиглэлийн аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх боломжтой.
Зүүн бүс нутагт Хэнтий, Хянганы нуруу, Дорнод аймгийн хойд хэсэг болон Дарьгангын байгалийн цогцолбор газар, Мэнэнгийн тэгш тал, Буйр нуур, Хэрлэн, Онон, Хурх, Улз, Халх, голын сав нутгийн байгалийн үзэсгэлэнт нутаг, Гурваннуур, Хөдөө арал зэрэг Эзэн Чингис, Их хаадын түүх, үйл амьдралтай холбоотой газар нутаг, Чингисийн хөшөө, Их Бурхант, Хэрлэн Барс хотын туурь, Халх голын хөшөө дургалын цогцолбор зэрэг түүх, соёлын дурсгалт газар элбэг тул аялал жуулчлал, амралт сувиллыг хөгжүүлэх өргөн боломж байна, Дундад зууны үеийн нүүдэлчин Монгол угсаатны түүх, соёлын дурсгал болох хүн чулуун хөрөг, урлал, эртний хүний булш, Бунхан, сүг зураг, зэрэг түүх, соёлын дурсгалт зүйлс ихтэй.
Иймд энэ бүс нутагт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх боломжтой юм. Улаанбаатарын бүс өнөөдөр Монгол Улсад гадаадын жуулчид орж, гарах гол төв юм. Үүний зэрэгцээ энд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нэн түрүүнд шаардлагатай байдаг зам тээвэр, эрчим хүчний дэд бүтэц, зочид буудал, үзвэр үйлчилгээний газрууд, дэлхийн бусад орнуудтай холбогдсон банк санхүүгийн үйлчилгээ, өндөр хурдны холбоо мэдээллийн сүлжээ харьцангуй илүү хөгжсөн. Мөн Богдхан уул, Горхи, Тэрэлж, Ар, Өвөр Жанчивлан зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, Их тэнгэрийн амны сүг зураг, Бэлхийн амны Хүннүгийн үеийн булшнууд, Сонгино уулын олон булш, Гачууртын амны зоосон зураг бүхий хад, Нүхтийн амны бичигт хад, Хэрээдийн Тоорил ханы ордны туурь, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм, Гэсэр сүм, Дамбадаржаа хийд, мэгжид Жанрайсэг дацан, Гандантэгчинлэн хийд, Чин ван Ханддоржийн өргөө, Монголын Үндэсний түүхийн музей, Байгалийн музей, Занабазарын урлагийн музей, Цэргийн музей, Дүрслэх урлагийн музей, Улсын төв номын сан зэрэг гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан түүх, соёлын дурсгалт газрууд олон байдаг.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛ СОЁЛЫН ГҮҮР

Монголд ирдэг нийт жуулчдын 80 хувь нь дулааны улиралд ирдэг. Тиймээс одоо аялал жуулчдын салбарынхны хувьд ажил нь эхэлж байна. Өнгөрсөн онд манай улсад гадаадын 557 мянга гаруй иргэд ирснээс 456 мянга гаруй нь жуулчид гэсэн тооцоо байдаг. Харин энэ жилийн хувьд үүнээс ч илүү жуулчид ирэх магадлалтай гэж аялал жуулчлалын салбарынхан үзэж байгаа.

Аялал жуулчлалыг эдийн засгийг төрөлжүүлэх нэг салбар болгохын тулд аялал жуулчлалын салбарынхан хамтран ажиллаж олон арга хэмжээ авч байна. Үүний нэг нь Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 27-30-ны хооронд болох “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр-2011” олон улсын уулзалт зөвлөгөөн юм. Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Зүүн бүсийн зөвлөл, БОАЖЯ, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг хамтран зохион байгуулна.

Тус уулзалт зөвлөгөөний үеэр Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг “Зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг удирдан зохион байгуулах юм.

“Бид олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, мөн Улаанбаатарын болон орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулна. Бас зочид буудлын үйлчилгээ, зоогийн газрын халуун хоолны арга технологийн тухай практик сургалт хийнэ” гэж МУБИС-ын аялал жуулчлалын багш Ө.Амгалан ярилаа.
Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг нь 40 орчим их дээд сургуулийн 50 орчим багш гишүүнтэй байгууллага юм. Тэдний гол зорилго нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тус дэм болох судалгаа шинжилгээ хийх, багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршдог аж.

Аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар Ө.Амгалантай ярилцав.

Статистикийн тооцоог улам нарийн гаргах хэрэгтэй
Өнгөрсөн жил манай улсад 456 мянга гаруй гадаадын жуулчид иржээ. БНХАУ (193 мянга орчим), ОХУ (121 мянга орчим) хоёр улсын иргэд хамгийн их манайд жуулчилсан байна. Гэхдээ энэ тооцоог улам нарийн гаргах чухал. Статистикийн тоо баримт нийт жуулчдын хэв шинжийг үзүүлж чадахгүй эргэлзээтэй, өрөөсгөл байдаг. Жишээ нь БНХАУ-аас өнгөрсөн жил ирсэн 193.700 жуулчин, чухам яг жуулчлах гэж ирсэн үү, эсвэл ажил хийх гэж ирсэн үү гэдгийг ялгаж салгахад бэрх.

“Манай улс Хятад Улсаас ирэх жуулчдыг дэмжихийн тулд визэндээ хөнгөлт үзүүлж, визний хугацааг гурван сар хүртэл хугацаатай дардаг болсон. Гэтэл хятадын жуулчдын хамгийн их ирдэг үе нь барилгын салбарынхны ажил ид өрнөдөг улиралтай давхцаад байдаг. Тэгэхээр жуулчин ирээд байна уу, барилгачин ирээд байна уу гэдгийг сайн ялгах ёстой” гэж Амгалан ярьсан.

Тиймээс олон улсын аялал жуулчлалын туршлагыг судалж, дагалдах статистикийг хөгжүүлэх шаардлагатай гэнэ. Жишээлбэл, гадаадын иргэний ямар зочид буудал буусан, ямар газруудаар явсан зэрэг нь бүрэн бүртгэгдэж, судлагдсан байвал жуулчдын зарлага, өртөгийг нарийн гаргах боломж бүрдэх ажээ. “Энэ мэтчилэн бид тооцож чадвал орлого зарлага, статистик энэ бүх зүйл үнэн бодиттой болно. Манай Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн аялал жуулчлалыг зөв судалгааны үндсэн дээр хөгжүүлэхэд тус дэм болох бас нэг зорилготой.”

Тэрээр мөн, “Ер нь манай улсын аялал жуулчлал ямар нэг суурь судалгаанд түшиглэн хөгжөөгүй. 1990 оноос хойш хар туршлагад тулгуурлан хөгжиж ирсэн. 1990 оноос өмнө Жуулчин компанид хөтөч хийж байсан хүмүүс өөрсдийн туршлагад суурилаад л аялал жуулчлалыг хөгжүүлсэн. Харин одоо аялал жуулчлалын салбар цаашаа хөгжихдөө ямар хөгжлийн бодлого барих уу. Өнөө хүртэл баримталсан бодлого маань зөв байж уу? Үгүй юу гэдгийг эргэж харах цаг болсон. Тийм ч учраас Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж Аялал жуулчлалын үндэсний цогц бодлогоо дахин шинэчилж байна. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. Үнэндээ 2000 онд баталсан хууль маань аялал жуулчлалынхаа хурдацтай хөгжлийг гүйцэхээ болиод олон зүйлийн харилцааг зохицуулж чадахгүй, заримдаа зөрчилдөх хандлага бий болчихсон байдаг” гэв.

Аялал жуулчлал ардын уламжлалыг сэргээдэг
Өнгөрсөн жил манай улсын аялал жуулчлалын салбарын орлого 222 сая гаруй ам.долларт хүрсэн. Энэ нь 2009 оноосоо 9 сая гаруй ам.доллараар нэмэгдсэн тоо. Эндээс харахад аялал жуулчлал манай эдийн засагт хувь оруулж байгаа нь илт. Аялал жуучлалын эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь шууд бус харин тойруу замаар орж ирдгийг мэргэжилтнүүд онцолдог. Жишээ нь аялал жуулчлал хөгжихийн хэрээр ардын уламжлал сэргэж байна.
Амгалангийн хэлснээр бол, аялал жуулчлал эрчимтэй хөгжихөөр улс орнуудын уламжлалт урлаг, соёл их идэвхждэг гэнэ. “Ерээд онд ардын урлаг байхгүй боллоо. Бүгд зах дээр зогслоо гэж ярьдаг байсан. Тэгтэл одоо аялал жуулчлалаар дамжаад ардын урлаг сэргэж байна. Урьд нь ардын урлагийн тоглолт хийдэг ганцхан “Түмний эх” чуулга байсан бол одоо олон хамтлаг бий боллоо. Ардын урлаг хөгжихөөр орчин цагийн урлагт ч мөн ардын урлагийн хэв шинж аажим аажмаар шингэж байна. Энэ бол аялал жуулчлалын нэг давуу тал” гэж тэр ярьсан билээ.

Зөвхөн урлаг ч биш мөн уламжлалт ахуйн соёл ч гэсэн аялал жуулчлал хөгжихийн хэрээр сэргэдэг. Уламжлалт хэв шинжээ хадгалж үлдэх сонирхол ихсэж, хөдөөгийн малчид жуулчдыг ирэхэд уламжлалт ахуй соёлоо сурталчилдаг. Тэд аялал жуулчлалын байгууллагуудтай тохиролцоод жуулчдыг гэртээ хүлээж авдаг. Үүнийхээ төлөө бага хэмжээний мөнгө авдаг. Тиймээс жуулчдыг ирэхэд хөдөөний малчин айл “хэт орчин үеийн болоод” сууж байх тохиромжгүй тул уламжлалт соёлын хэв шинжийг хадгалах сонирхол тэдэнд бий болдог ажээ.

Мөн аялал жуулчлалыг дагаад олон салбар хөгждөгийн нэг нь жижиг, дунд үйлдвэрлэл гэдгийг Амгалан хэлж байв. Бэлэг дурсгалын үйлдвэрлэл сайн хөгжиж байгаа нь үүний нэг тод жишээ гэдгийг тэр дурдаад “Энэ бүхэн бол аялал жуулчлал асар холоос улс орныг хөгжүүлдэг, нөлөөлдөг болохыг харуулж байгаа юм. Аялал жуулчлалыг дагаж өндийдөг олон салбар бий” гэж гэлээ.

Ер нь орчин үед аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудыг найрамдлын бэлэг тэмдэг гэж үздэг бөгөөд аялал жуулчлалыг бол соёлын гүүр гэж тодорхойлдог болжээ.

Дахин ирэх жуулчид бага байдаг
“Мэдээж аялал жуулчлалыг дагаж хөгжих нэг салбар бол нийтийн хоолны салбар. Харин манай улсад хоол хүнсээрээ жуулчдыг татаж чадах болов уу?” гэж Амгалангаас асуухад “Хэрэв бид хаана ч харьцуулах боломжгүй, өвөрмөц амттай хоол хүнсээр жуулчдыг дайлж чадвал тэдний сонирхлыг улам их татаж чадна. Жишээлбэл, хонины толгой дэлхийн өвөрмөц хоолнуудын жагсаалтад нэлээн дээгүүр орсон байдаг. Хамгийн гол нь бид гадаадын жуулчдын өөрсдийнх нь иддэг хоолыг дуурайж хийгээд сэтгэлд нь хүрэхгүй болохоор монголын хоолны талаар таагүй сэтгэлтэй тэд хоцордог” тэр хариулсан.

Мөн “Бид стандарт гаргаад түүнээ мөрдөөд явахаар яг нэг загварын үйлчилгээг бий болгочихдог муу талтай. Хөдөө орон нутагт байдаг жуулчны баазууд нэг хэвийн, ав адилхан байдаг. Бид уул нь өвөрмөц олон үйлчилгээг хийдэг бол жуулчдын дахин ирэлт ихсэнэ” гэж Амгалан хэлсэн. Тиймээс манай улсын жуулчны баазууд үнээр өрсөлдөхгүй, өвөрмөц хэв шинжээрээ өрсөлдөх ёстой гэнэ. Хэрэв тэгж чадвал нэгэнт ирсэн жуулчдаа аль болох удаан байлгаж, дахин ирэх хүслийг төрүүлж чадах ажээ.

Ер нь манай улсад ирж байгаа жуулчид дахин ирэх нь тун бага байдаг. Үүний нэг шалтгаан нь Монголд ирж байгаа жуулчдын ихэнх нь адал явдалт аялалд дуртай “өвөрмөц сэдэл сонирхолтой” аялагчид байдаг бөгөөд тэд нэг үзсэн газраа дахиж үзэх сонирхолгүй байдаг гэнэ. Мөн үзэх үзмэр, жуулчдыг сатааруулах, цэнгээх зүйл ховор байдгаас болдог гэнэ.

Тиймээс аялал жуулчлалыг улам хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийж Хархорин төсөл шиг олон төсөл хэрэгжүүлэх хэрэгтэйг Амгалан хэлж байлаа. Гэхдээ аялал жуулчлалд хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэлийг тооцох нь чухал гэдгийг ч тэр мөн дурдсан. “Бид эдийн засгийн хувьд эрсдэлийг нь тооцож үзэх хэрэгтэй. Мөн манайд ирж байгаа жуулчид дахин ирэх нь бага байдаг учраас ийм зах зээл рүү их хэмжээний хөрөнгө оруулалт хийх бас эрсдэлтэй” гэж хэлсэн.
Гэхдээ, монголын аялал жуулчлалын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх эрсдэлтэй ч манай улсад нь аялах нь аюулгүй гэдгийг тэр дурдахдаа “Дэлхийн аялал жуулчлалын зах зээлд Монгол аюулгүй бүс нутагт тооцогддог. Жуулчдыг барьцаалах, дээрэмдэх, зүй бусаар доромжлох үзэгдэл байдаггүй. Харин хамгийн их анхаарах зүйл бол халаасны хулгай байдаг. Бичиг баримтаа алдсан жуулчид их байдаг шүү” гэв.

Хурал зөвлөгөөн аялал жуулчлалын салбарт тустай
Аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэхэд хурал зөвлөгөөн их тус нэмэртэйг Амгалан хэлэхдээ “Жуулчдын улирлаас хамаардаггүй олон улсын олон арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулвал гадаадын иргэд манайд ирэх нь ихсэнэ. Олон янзын олон улсын чуулга зөвлөгөөнийг Монголд тогтмол зохион байгуулвал албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн гээд олон хүн ирэх болно. Үүнийг дагаад наад зах нь зочид буудлуудад орлого орно. Дэлгүүр хоршооны худалдаа нэмэгдэнэ. Магадгүй цагийн ажилчдын орон зай бий болно. Сингапур гэхэд л долоон хоногт бараг хоёр удаа төрийн дээд хэмжээний олон улсын уулзалт зөвлөгөөнүүд хийдэг” гэв.

Энэ нь цаад утгаараа аялал жуулчлалынхаа салбарыг дэмжиж байгаа хэрэг ажээ. Тийм ч учраас Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг Зүүн бүсийн аялал жуулчлалд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахын тулд “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр-2011” чуулга уулзалтыг зохион байгуулахад оролцож байгаа ажээ. Энэ олон улсын чуулга уулзалтаа тэд жил бүр тогтмол зохион байгуулахаар зорьж байна.

Монгол Улсын аймгуудын Долоон гайхамшиг

МҮХАҮТ-аас Монгол улсын аймгуудын долоон гайхамшгийг нэрлэж сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрөгч 3 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Аялал жуулчлал ба өрсөлдөх чавдар -2011” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үеэр яригдсан нэг асуудал нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж олон улсад сурталчлах асуудал байсан юм. Тус зорилгын хүрээнд аймаг бүрээс орон нутгийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан ДОЛООН гайхамшигийг тодруулахаар аймгийн төр, захиргааны байгууллагуудаас санал авч 21 аймаг тус бүрийн “Долоон гайхамшиг”-ийг тодруулж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, шинэлэг маршрут /зам/-ыг нээлээ. Бид дэлхий дахины долоон гайхамшгийг мэддэг мөртлөө монгол орон төдийгүй аймаг тус бүрт түүх соёл, байгалийн өвөрмөц хэв шинжийг хадгалсан гайхамшигт дурсгалт газар байдгийг тэр бүр ач холбогдол өгч сурталчилан гаргаж ирдэггүй.
Тэгвэл эдгээр гайхамшгууд жуулчдын анхаарлыг татах төдийгүй байгаль орчны доройтол эрчимтэй хурдасч байгаа өнөө үед “урьд нь энд ийм газар байсан юм” гэж ярих биш, харин “энд ийм газар, ийм үзэсгэлэнтэй онгон дагшин байгаль, түүх соёл хадгалагдан байдаг юм” гэж одоо цаг үргэлж ярих ёстой. Иймээс цаашид бид байгаль орчин, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих чиглэлд ихээхэн анхаарч ажиллана гэдгийг МҮХАҮТ-ын дарга сэтгүүлчдэд хэлж байв. Түүнчлэн сэтгүүлчид та бүхэн эл асуудлаар асуудал хөндсөн, эрэн сурвалжилсан мэдээ, нийтлэл бичиж байх хэрэгтэй гэсэн юм.
1. АРХАНГАЙ АЙМАГ
  1. Чулуутын гол
  2. Хоргын тогоо
  3. Тэрхийн цагаан нуур
  4. Суварга хайрхан уул
  5. Тамирын гол
  6. Булган уул
  7. Тайхар чулуу
  8. Хар балгас
  9. Билгэ хааны цогцолбор
2. БАЯН - ӨЛГИЙ АЙМАГ
  1. Ёлтын сав газар
  2. Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
  3. Потаны мөсөн гол
  4. Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
  5. Бага Түргэний хүрхрээ
  6. Толбо нуур
  7. Ачит нуур
3. БАЯНХОНГОР АЙМАГ
  1. Цагаан агуй
  2. Бичигт хад
  3. Шатар чулуун хөшөө
  4. Түрэгийн үеийн бичээс
  5. Бүгийн цавийн хоолой
  6. Шаргалжуутын халуун рашаан
  7. Их Богд уул
4. БУЛГАН АЙМАГ
  1. Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
  2. Уран тогоо уул
  3. Шивээт улааны цогцолбор
  4. Хар бухын балгас
  5. Чин толгойн балгас
  6. Бий булгын балгас
  7. Могойн шинэ ус
5. ГОВЬ - АЛТАЙ АЙМАГ
  1. Ээж хайрхан уул
  2. Бурхан буудай уул
  3. Сутай хайрхан уул
  4. Цагаан голын хадны зураг
  5. Монгол элс
  6. Хасагт хайрхан уул
  7. Аж Богдын нуруу
  8. Эрээн нуур
  9. Шаахар толгой
6. ГОВЬСҮМБЭР АЙМАГ
  1. Чойрын Богд уул
  2. Зүүн жанжин Чойрын хийдийн туурь
  3. Цагаан дарь эх
  4. Дагвасүндэл бурхан
  5. Хүүхдийн овоо
  6. Дугар мээрэнгийн хөшөө
  7. Цоорхойн рашаан
7. ДАРХАН - УУЛ АЙМАГ
  1. Тахилгат их дархан уул
  2. Дурлалын мод
  3. Шарын голын зосон зураг
  4. Буурал уулын булш
  5. Дүрс нарс
  6. Лам Дондовын рашаан
  7. Хүйтний голын хадны бичээс
8. ДОРНОГОВЬ АЙМАГ
  1. Хамрын хийдийн цогцолбор
  2. Цагаан дарь эх
  3. Сүйхэнт, Өлгий хийд
  4. Цонжийн чулуу
  5. Бүрдэнэ булаг, Мөнхийн ам
  6. Эргэлийн зоо
  7. Нүдэнгийн хонхор
9. ДОРНОД АЙМАГ
  1. Чингисийн хэрмэн цав
  2. Хэрлэн Барс хотын туурь, цамхаг
  3. Буйр нуур
  4. Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш
  5. Их бурхант чулуун бурханы цогцолбор
  6. Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
  7. Хамар даваа дээрх ялалтын хөшөө
  8. Халх гол
  9. Вангийн цагаан уул
10. ДУНДГОВЬ АЙМАГ
  1. Их газрын чулуу
  2. Дэл уул
  3. Бага газрын чулуу
  4. Онгийн хийдийн туурь
  5. Морин хуур
  6. Өөш манхан
  7. Дэлгэрхангай уул
11. ЗАВХАН АЙМАГ
  1. Отгонтэнгэр хайрхан
  2. Хар нуур
  3. Загастайн давааны хүн чулуу
  4. Бор хярын элсэн манхан, Мухартын гол
  5. Тэсийн гол Нисэхийн шугуй
  6. Их хайрхан уул
  7. Дааган дэлийн буган чулуун хөшөө
  8. Идэр голын буган хөшөөт дурсгал
  9. Сангийн хэрмийн туурь
12. ОРХОН АЙМАГ
  1. Зэргэлээ
  2. Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар
  3. Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар
13. ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
  1. Арц богд
  2. Хужиртын рашаан
  3. Монгол түмний морины их шүтээн
  4. Хархорум хот
  5. Эрдэнэ зуу хийд
  6. Тэвш уул
  7. Төвхөн хийд
14. ӨМНӨГОВЬ АЙМАГ
  1. Говь гурван сайхан
  2. Баянзаг
  3. Нэмэгт, Хэрмэн цав
  4. Галбын говь
  5. Ноён богд, Толь хад
  6. Алгуй улаан цав
  7. Хонгорын элс
  8. Сангийн далай
  9. Галбын гурван хийд
15. ХОВД АЙМАГ
  1. Сэнхэрийн агуй
  2. Хар-Ус нуур
  3. Мөнххайрхан уул
  4. Баянзүрхийн буган хөшөө
  5. Төрийн тахилгат Алтан Хөхий уул
  6. Харуул овоо
  7. Ямаан усны хадны сүг зураг
  8. Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар
  9. Ишгэн толгойн хадны зураг
16. УВС АЙМАГ
  1. Увс нуур
  2. Хяргас нуур, хэцүү хад
  3. Алтан элсний дархан цаазат газар
  4. Хан хөхий уулс
  5. Чандмань уулын дурсгал
  6. Гоожуурын хүрхрээ
  7. Мөнгөт цахир уул
  8. Дэглий цагаан уул
  9. Зураагийн улаан хадны зураг
17. ХӨВСГӨЛ АЙМАГ
  1. Соёны бүс нутаг
  2. Хөвсгөл нуур
  3. Даян дээрхийн агуй
  4. Уушгийн өврийн буган хөшөө
  5. Улаан толгойн буган хөшөө
  6. Дархадын 13 овоо
  7. Цаатны нутаг
18. СЭЛЭНГЭ АЙМАГ
  1. Амарбаясгалан хийд
  2. Соронзон хад
  3. Хувьсгалын өлгий Алтанбулаг
  4. Халуун рашаан
  5. Тужийн нарс
  6. Дуут хад
  7. Сайханы хөтөл
19. СҮХБААТАР АЙМАГ
  1. Алтан овоо
  2. Шилийн богд
  3. Монголын хүн чулууд
  4. Таван толгойн археологийн цогцолбор
  5. Ганга нуур, Оргихын булаг
  6. Хунгийн чуулган
  7. Егүзэрийн хийд
20. ХЭНТИЙ АЙМАГ
  1. Бурхан Халдун уул
  2. Балдан Бэрээвэн хийд
  3. Чингисийн гэрэлт хөшөө
  4. Дэлүүн болдог
  5. Хар зүрхний хөх нуур
  6. Хэрлэнгийн хөдөө арал
  7. Өглөгчийн хэрэм
  8. Рашаан хад
  9. Дуурлиг нарсны Хүннүгийн булш
21. ТӨВ АЙМАГ
  1. Манзушир хийдийн туурь
  2. Хустайн байгалийн цогцолборт газар
  3. Гүнжийн сүм
  4. Зоргол хайрхан уул
  5. Чингис хааны морьт хөшөө
  6. Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал
  7. Цогт хунтайжийн дуутын хадны бичээс